БНХАУ-ын Соёлын яам, Хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн ерөнхий газар, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран 2017 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Бээжин хотноо 12 дахь удаагийн “Олон улсын соёлын инноваци, үйлдвэрлэл” үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Colorful Beijing” Олон улсын соёлын арга хэмжээнд Монгол Улс анх удаа оролцож, “ЮНЕСКО”-д бүртгэлтэй Монгол өв соёлыг дэлгэн танилцуулахын зэрэгцээ “Жонон”, “Натур Данс”, “Алтантайз” хамтлагууд “Баруун Монгол” Монгол Ардын бүжиг, “Уяхан Замбуутивийн наран” Монгол Ардын уртын дуу, “Алтайн магтаал”, “Жалам хар” зэрэг уран бүтээлүүдийг толилуулсан юм.
Зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны “Colorful Beijing” Олон улсын соёлын арга хэмжээгээр дамжуулан Үндэсний түүх, соёлыг улс орнуудад сурталчлах, түгээн таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн түүх, соёлын шилдэг үзүүлбэр “Best showcase” өргөмжлөл, цом гардуулав.
“Colorful World-Beijing” Олон улсын соёлын үзэсгэлэн арга хэмжээ нь Хятадын олон улсын соёл, бүтээлч үйлдвэрлэлийн 12 дахь удаагийн экспо (12th China Beijing International Cultural and Creative Industry Expo “ICCIE”) арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд оролцдогоороо онцлог юм.
Энэ удаагийн үзэсгэлэн арга хэмжээнд гадаадын улсуудаас БНХАУ-д суугаа 45 Элчин сайдын яамд оролцсон байна.