Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын Тогтвортой хөгжил хариуцсан орлогч Кавех Захеди-тай уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ба цаашид Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг бэхжүүлэх, манай залуу мэргэжилтнүүдийн худалдааны гэрээ хэлэлцээр хийх чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагад дадлагажуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
ТНБД Д.Даваасүрэн Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан ба бодлогын баримт бичгүүдийн үнэлгээ хийж хүрэх түвшинг тогтоох, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх дунд хугацааны бодлого боловсруулж байгааг дурдаж, энэ чиглэлээр АНДЭЗНК-той хамтран ажиллах, техник туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
АНДЭЗНК-оос манай улстай худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, дэд бүтэц, ядуурлыг бууруулах, гамшгийн эрсдлийг бууруулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар урьдын адил хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв. АНДЭЗНК-оос энэ онд бүс нутгийн орнууд дахь Тогтвортой хөгжлийн зорилт бүрийн хэрэгжилтийг нэгтгэн, ололт амжилт, анхаарах салбар, асуудлыг тодорхойлдог “Asia Pacific Sustainable Development Outlook” илтгэлийг шинэчлэн гаргах гэж байгаа бөгөөд уг илтгэл нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн дунд хугацааны бодлогыг боловсруулах, бүс нутгийн орнуудтай Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах чиг хандлагыг тогтооход чухал эх сурвалж болно гэж итгэж буйгаа Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Кавех Захеди тэмдэглэв.
Талууд мөн 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулах гэж буй Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ.