Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолдыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үндэсний брэндингийн чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Элчин сайд К.Арнолд Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, Британи, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилгын талаар танилцуулав.
Мөн Монголын ГХЯ-ны ажилтнуудын мэргэшлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлов.
Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг.