Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Алматы хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын “Евразийн долоо хоног-2017” чуулга уулзалтад оролцох үеэрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Матильд Меснард, Гүрж Улсын Ерөнхий сайдын Нэгдүгээр орлогч бөгөөд Сангийн сайд Дмитрий Кумсишвили, Армен Улсын Эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орлогч сайд Ованес Азизян, Киргиз Улсын Эдийн засгийн орлогч сайд Данияр Иманалиев, Словак Улсын Сангийн дэд сайд Дана Мигер нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ЭЗХАХБ-ын санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Матильд Меснардтай уулзах үеэрээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг судлах, бодлогын зөвлөмжийг гаргах зэрэг хамтын ажиллагааны талаар ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болов.
Гүрж Улсын Ерөнхий сайдын Нэгдүгээр орлогч бөгөөд Сангийн сайд Дмитрий Кумшишвилитай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ноён Дмитрий Кумшишвили “Монгол Улстай Засгийн газар хоорондын комисс байгуулах сонирхолтой байгаа талаар дурдаад, Тбилиси хотноо 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд болох “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт - 2017”-д өндөр түвшний төлөөлөгчид оролцуулахыг хүсэв. Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар талууд санал нэгдэв.
Киргиз Улсын Эдийн засгийн орлогч сайд Данияр Иманалиевтай уулзах үеэрээ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай саналыг дэмжсэнд талархаж, хоёр орны харилцаа, худалдааны эргэлтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Армен Улсын Эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орлогч сайд Ованес Азизянтай уулзах үеэрээ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг Армен Улс дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, талууд уг хэлэлцээрийг байгуулах асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар хамтарч ажиллахаар болов.
Словак Улсын Сангийн дэд сайд Дана Мигертай хийсэн уулзалтаар худалдаа, ложистикийн асуудлаар санал солилцож, хоёр орны төлөөлөгчдийг харилцан урьж туршлага судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.