Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрПАСКАЛЬ ГОДЕФРУА, ФРАНСУА ЭСКУИ НАРТ “НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

ПАСКАЛЬ ГОДЕФРУА, ФРАНСУА ЭСКУИ НАРТ “НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Бельгийн Вангийн байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагааны асуудал хариуцсан захирал Паскаль Годефруа, Францын “Eldonia” компанийн захирал Франсуа Эскуи нарыг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд О.Оч гардуулан өгөв.

Монголоос гаралтай, хууль бусаар хил давуулан худалдсан үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаах чиглэлээр Паскаль Годефруа, Франсуа Эскуи нар нь 2011 оноос хойш тууштай ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн олдворыг ирүүлээд байгаа билээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх хавцлаас олдсон палеонтологийн нэн ховор олдвор болох Дейнохейрус хэмээх үлэг гүрвэлийн гавлын болон хойд хөлний 2 тавхайны ясыг 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ШУА-ын Палеонтологийн төвд хүлээлгэн өгсөн юм. Мөн Монголын Говьд “Луугийн булш” гэдэг газраас олдсон Зауролофус ангустирострис буюу нугасан хошуут үлэг гүрвэлийн үр хөврөлийг 2016 оны 4 дүгээр сард Монгол руу буцааж, БСШУЯ-нд хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн 2015 онд “Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бельгийн Шинжлэх ухааны бодлогын газар болон Байгалийн шинжлэх ухааны Вангийн хүрээлэн хоорондын хэлэлцээр” байгуулагдсаны дагуу хэд хэдэн олдворыг эх оронд нь буцаахаар Монгол, Бельгийн палеонтологичид хамтран ажиллаж байна. Шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдворууд илэрч байгаа тул эдгээр олдворуудыг олж тогтоож, хамтарсан судалгаа хийхийг талууд чухалчилж байна.