Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.10.02-2017.10.06

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.10.02-2017.10.06

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЕАБХАБ-ЫН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧ МАДИНА ЯРБУССИНОВАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч Мадина Ярбуссиноваг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг хүний аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хийгээд Гадаад бодлогын нэг чухал хэсэг болохыг онцлоод энэ хүрээнд Засгийн газраас “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийг батлан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛ БИНАЙФЭР НОВРОЖЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бинайфэр Новрожэг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг Нээлттэй нийгэм хүрээлэнд талархал илэрхийлээд өмнө хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 “МОНГОЛ УЛС БА ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО – 2017” БИЗНЕС ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг  Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлага тэргүүтэй албан хаагчид, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, түүнчлэн Монгол, Орос, Беларусь, Казахстаны бизнес эрхлэгчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөгчид оролцов.