Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ОЙГ ГАЛ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ” МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТАРСАН КОМИССЫН V ХУРАЛДААН БОЛОВ

“ОЙГ ГАЛ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ” МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТАРСАН КОМИССЫН V ХУРАЛДААН БОЛОВ

“Ойг гал түймрээс хамгаалах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан Комиссын V хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Москва хотноо “Президент-отель” зочид буудлын “Библиотека” хурлын танхимд болов. Уг хуралдааныг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн орлогч сайд, Ойн аж ахуйн холбооны албаны дарга И.В.Валентик нар даргалан зохион байгуулав.

Хуралдааны эхэнд талууд “Ойг гал түймрээс хамгаалах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн биелэлтийг харилцан дүгнэж, цаашид анхаарах асуудлуудын талаар нээлттэй, ажил хэрэгч яриа хэлэлцээг өрнүүлэв.

Түүнчлэн хуралдааны үеэр талууд хоёр улсын хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагаа, хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудал, тус салбарт хэрэгжүүлж болохуйц ирээдүйтэй төслүүдийн талаар санал солилцов.

Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь Сибирийн хүр хорхой зэрэг ойн хортон шавьжтай тэмцэх асуудал байв. Оросын тал ойн хортон шавьжтай тэмцэх туршлагаасаа манай төлөөлөгчидтэй хуваалцаж, тус салбарт хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Монголын тал ойн салбарын мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэж, ОХУ-ын их, дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэж ирсэн сайхан уламжлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад хоёр орны байгаль орчны яамдын төлөөлөгчдөөс гадна онцгой байдал, хилийн алба, ойн аж ахуйн улсын төсөвт үйлдвэрийн газруудын төлөөлөл, түүнчлэн, хил залгаа бүс нутгийн удирдах албан тушаалтнууд, ОХУ-ын ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны байгаль орчин, хилийн асуудал хариуцсан ажилтнууд оролцсон нь ойг гал түймрээс урьдчилан сэргийлэх цогц асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээг өрнүүлэх боломжийг бүрдүүлэв.