Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ГХЯ-нд зохион байгуулав.
Хуралдааныг Үндэсний хорооны дарга, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил даргалан явуулав.
Уг хэлэлцээр байгуулагдсанаар далайд гарцгүй, худалдааны өртөг өндөртэй манай улсын хувьд транзит тээврийн өртгийг бууруулах, хилийн хяналтын байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, олон улсын жишигт хүргэх боломжийг нээх, энэ зорилгод хүрэхийн тулд боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа авах нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ ДХБ-ын гишүүн орныхоо хувьд хэлэлцээрийн заалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүрэг хүлээж буйг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ онцлов.
Хуралдааны үеэр Үндэсний хорооны дүрэм, 2017 үйл ажиллагааны төлөвлөгөө, Дэд хороод байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Түүнчлэн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Гаалийн тухай хуулийг шинэчлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Улсын хилээр нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний хѳдѳлгѳѳнтэй холбоотой дүрэм журам, хяналтыг хялбаршуулах замаар экспортлогч болон импортлогчдын зардал, хүндрэлийг багасгаж, хэрэглэгчдэд очих бараа бүтээгдэхүүний үнэ өртгийг бууруулах зорилготой Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах санаачилгыг манай улс далайд гарцгүй бусад улстай хамтран 2003 онд дэвшүүлсэн бөгөөд 2014 онд батлагдсан уг хэлэлцээр 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Хэлэлцээрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, салбар дундын зохицуулалт хийх үүрэгтэй Үндэсний хороог Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар тогтоолын дагуу байгуулсан болно.