Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНДЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНДЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Европын Холбооны Зөвлөл 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Сайд нарын түвшингийн уулзалтаараа Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай шийдвэрийг гаргав. Уг хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд Европын Холбооны гишүүн бүх улс орон үндэсний парламентаараа хэлэлцүүлэн баталсан бөгөөд Европын Парламент 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаараа соёрхон баталж, тогтоол гаргасан. Энэхүү шийдвэрийг Европын Зөвлөл гаргаснаар хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Монгол Улс, Европын Холбооны хоёр талын харилцааны тулгуур баримт бичиг болох Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр нь түншлэлийн цар хүрээг өргөжүүлж, хамтын ажиллагааг худалдаа эдийн засаг, хөгжлийн туслалцаа, хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил, эрчим хүч, цаг уурын өөрчлөлт, судалгаа шинжилгээ, инноваци, боловсрол, соёл зэрэг олон салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Хэлэлцээр 65 зүйлээс бүрдэх бөгөөд хоёр талын харилцан сонирхсон хамтын ажиллагааны салбарууд болох эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, татвар, аж үйлдвэрийн бодлого болон жижиг, дунд үйлдвэр, мэдээлэлжсэн нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, статистик зэрэг хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарч байгаа юм. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохоор гаргасан энэхүү шийдвэр, мөн Төлөөлөгчийн газраа энэ ондоо багтаан Улаанбаатар хотноо нээх тухай 7 дугаар сард гаргасан шийдвэр зэрэг нь Европын Холбооноос Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байна.

Европын Холбоо Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг өөрийн хөрш зэргэлдээ бүс нутгийн орнуудтай байгуулж тэдгээр оронд чөлөөт зах зээл, бизнесийн тааламжтай орчин, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьдог. Одоогийн байдлаар Европын Холбоо нь ОХУ, Филиппин, Казахстан, Украин зэрэг нийт 10 гаруй улстай Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан бөгөөд Малайз, Сингапур, Тайландтай энэ төрлийн хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна.

Манай улсын хувьд энэхүү хэлэлцээрийг Европын Холбоотой байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ салбаруудад өрнүүлэх эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд гаргах боломж нээгдэж байна. Тус хэлэлцээр Европын Холбооны 28 гишүүн оронд тэгш үйлчлэх тул Монгол Улс, Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлнэ.