Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалт 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Москва хотноо амжилттай болж, талуудын тохиролцсон анхны төсөл хэрэгжиж эхлэхэд “Хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллахаар гурван тал санал нэгдсэн билээ.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 262 дугаар тогтоолоор “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэв.
Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулагдсанаар гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан 32 төслөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлыг хангах, тэр дундаа төслүүдийн техник эдийн засгийн урьдчилсан тооцооллыг хийх, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гурван улсын дүрэм, журмыг уялдуулах ажлыг судалж санал, зөвлөмж, аргачлал боловсруулах, хятад болон оросын талын ижил үүрэг бүхий байгууллагатай харилцаж үйл ажиллагаагаа уялдуулах, төсөл хэрэгжүүлэх байгууллага хоорондын уялдаа холбоог хангах зэрэг үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Энэхүү судалгааны төв байгуулагдсан нь цаашид гурван улсын “Хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв”-ийг Улаанбаатар хотод байгуулан ажиллуулах үндэс суурь болж байгаа төдийгүй, “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.