Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч Мадина Ярбуссиноваг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг хүний аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хийгээд Гадаад бодлогын нэг чухал хэсэг болохыг онцлоод энэ хүрээнд Засгийн газраас “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийг батлан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав.
Мөн тэрбээр хүн худалдаалах гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хууль хяналтын байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Тусгай төлөөлөгчийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тусгай төлөөлөгч Мадина Ярбуссинова хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах асуудлаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа нотолсон байна.