НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 3 дугаар хорооны энэ 10 дугаар сарын 5-ны хуралдаанаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах асуудлыг авч хэлэлцлээ.
Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн аж байдлын өнөөгийн байдал, жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад гарсан ололт амжилтыг дүгнэн, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал солилцов.
Төлөөлөгчид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, тэдний эрхийг хамгаалахын тулд Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах конвенцийг даган мөрдөж, Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн 4 дүгээр бага хурлаас баталсан Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 23 дугаар тусгай чуулганаас баталсан төгсгөлийн баримт бичиг болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт туссан жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх ёстойг илэрхийлэв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уг хуралдаанд оролцож, манай улс дахь эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.