“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” эдийн засгийн чуулга уулзалт 2017 оны 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.
ОХУ-ын Новосибирск хотноо 2016 онд болсон “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2016” анхдугаар чуулга уулзалтаас гарсан шийдвэрүүдийг ажил хэрэг болгох, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад оросын талаас ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Оросын олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч С.В.Калашников тэргүүтэй албан төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл, спорт, урлаг, соёлын зүтгэлтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцов.
Монголын талаас чуулга уулзалтыг монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол- Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан нар нээж үг хэлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашников тэргүүтэй төлөөлөгчдийг 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзав.
“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, худалдаа, эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар семинар, уулзалтууд, боловсрол, шинжлэх ухаан, соёл болон спортын хамтын ажиллагаа, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, салбар хуралдаанууд тус тус зохион байгуулагдав.
Түүнчлэн “Орост үйлдвэрлэв 2017” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн, “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт, “Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөр насны тамирчдын гимнастикийн тэмцээн, “Алтан хальс” Оросын кино өдрүүд тус тус амжилттай зохиогдов.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Сибирийн олон улсын хамтын ажиллагааны ассоциаци хооронд гамшгийн аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах технологийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК болон ОХУ-ын С.А.Чаплыгины нэрэмжит Сибирийн эрдэм, шинжилгээний хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар ОХУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгтгэл “ЛЭМЗ” хувьцаат нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг 5 баримт бичигт гарын үсэг зурав.