Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДГХБО-ЫН ОУСТ ИДЭВХ ЧАРМАЙЛТТАЙ АЖИЛЛАСНЫГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭВ

ДГХБО-ЫН ОУСТ ИДЭВХ ЧАРМАЙЛТТАЙ АЖИЛЛАСНЫГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭВ

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч хатагтай Фекитамоэлоа Катоа Утойкаманутай НҮБ-ын байранд уулзлаа.

Хатагтай Утойкаману Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаяр болон ДГХБО-ын ОУСТ-ийн нийт хамт олонд хандан өнгөрсөн 5 жилийн хугацаанд идэвх санаачлагатай ажиллаж, ОУСТ-ийг бие даасан олон улсын засгийн газар хоорондын байгууллага болгосон явдалд баяр хүргэлээ.

Хатагтай Дээд төлөөлөгч ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрт ДГХБО-ыг нэгдүүлэх чиглэлээр ОУСТ нь идэвх чармайлттай ажилласныг онцлон тэмдэглээд тус ОУСТ-өөс ДГХБО-д тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээс гарах арга замыг эрэлхийлсэн олон улсын хэмжээний судалгаануудыг гарган ДГХБО-д хүртээл болгосоор байгаад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Дээд төлөөлөгчийн албанаас ДГХБО-ын ОУСТ-ийг түр удирдлагын зохион байгуулалтаас бие даасан олон улсын засгийн газар хоорондын байгууллага болгох шилжилтийн үе шатыг амжилттай бөгөөд богино хугацаанд даван туулах, хамтран судалгаа хийх болон арга хэмжээ зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаяр хатагтай Утойкамануд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албан тушаалд томилогдсон явдалд баяр хүргэж, ДГХБО-ын ОУСТ-өөс хийж гүйцэтгэсэн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ ОУСТ-өөс 2017 онд гаргасан 5 судалгааны дээжээс Дээд төлөөлөгчид гардуулав.

Мөн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаяр ДГХБО-ын ОУСТ-ийн судалгаануудыг ДГХБО-д чиглэсэн олон улсын арга хэмжээнүүд дээр Дээд төлөөлөгчийн албатай хамтран танилцуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Талууд 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ДГХБО-ын ОУСТ-ийн нээлтийн бага хурлыг хамтран зохион байгуулах, Дээд төлөөлөгчийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалыг тус хурлын үеэр зохион байгуулах боломжийг судлахаар харилцан тохиров.