Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран 2017 оны 10 дугаар сарын 4-нд “Монгол Улс ба Евразийн эдийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
Энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлага тэргүүтэй албан хаагчид, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, түүнчлэн Монгол, Орос, Беларусь, Казахстаны бизнес эрхлэгчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөгчид оролцов.
Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ: Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвийн дор 2 салбар хуралдаан болж, зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, арга замын талаар төрийн байгууллагын болон бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор:
- Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг,
- Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг тус тус байгууллаа.
Талууд эдгээр санамж бичгүүдийг үндэслэн техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон байна.
Мөн Зам тээвэр, гаалийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, СХЗГ-ын удирдлагууд Евразийн эдийн засгийн комиссын сайд нарыг тус тус хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар тохиролцов.