Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагаас ОХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн хамтын ажиллагааны газрын орлогч захирал И.Н.Аржаевыг хүсэлтийнх нь дагуу тус ЭСЯ-ны “Чингис” уулзалтын өрөөнд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ц.Баттөр байлцав.
Уулзалтаар талууд Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хүрээн дэх Монгол, Оросын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн боломж, түүнчлэн 2017 оны IV улиралд ОХУ-д зохиогдох ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит XVI хуралдааны бэлтгэлийн талаар санал солилцов.
Талууд олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд болж өндөрлөв.