Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михай Галошфайг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсыг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрэмэлзэлтэй байдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Биокомбинатыг өргөтгөх ажлыг яаралтай эхлүүлэх, Монголын мал аж ахуйн нөөц баялгийг Унгарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өндөр технологитой хослуулан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Элчин сайд Михай Галошфай түүнийг тохоон томилсон тухай Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав. Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Михай Галошфайд үүргээ гүйцэтгэхэд бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.