“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-д Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь нартай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уулзав.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав“Монгол, Хятадын экспо”арга хэмжээг хоёр дахь удаагаа Хөххотод өндөр түвшинд зохион байгуулж, хамтран ажиллаж буйд хятадын талд талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд түлхэц өгч буйг тэмдэглэв.
Тэрээр Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хоёр улсын парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж буй бөгөөд БХАТИХ-тай байгуулсан байнгын уулзалтын механизмын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буйг дурдав.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ӨМӨЗО нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд 2020 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн тулд худалдаанд тулгарч буй саад бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын худалдааны гол нэр төрлийн бүтээгдэхүүний нэг болох нүүрсний худалдаанд холбогдох зохицуулалт хийх, тухайлбал Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрүүлэх нүүрс ачсан машины тоо сүүлийн саруудад буурч буй асуудлыг шийдвэрлэх үүднээс хоёр талаас Тусгай ажлын хэсэг байгуулж ажиллахыг санал болгов. Түүнчлэн манай улсын төвийн бүсээс мах, махан бүтээгдэхүүн Хятад руу экспортлох нөхцлийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг санал болгов.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн ӨМӨЗО нь цаашид ч Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахын төлөө ажиллахыг тэмдэглээд “Монгол, Хятадын экспо” арга хэмжээний хэлбэр, агуулгыг баяжуулан үргэлжлүүлэн зохион байгуулах, дэд бүтцийн хамтын ажиллагаа, боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал дэвшүүлэв.