(Нью-Йорк хот, 2017 оны 9 дүгээр сарын 22)
Ноён Чуулганы Дарга аа,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Юуны өмнө сүүлийн өдрүүдэд ихээхэн аюултай байгалийн гамшигт өртөөд буй Мексик, Карибын улс орнууд, АНУ-ын ард түмэн, засгийн газартай сэтгэл зүрхээрээ хамт буйгаа илэрхийлсэн миний өмнөх илтгэгчдийн дуу хоолойд нэгдэж байгаагаа илэрхийлье.
Дэлхий дахинаа байгалийн гамшгийн давтамж улам бүр нэмэгдэж, тэдгээрийн үр дагавар нь илүү их хор хохирол учруулах боллоо. Зарим судалгааны дүнгээс үзэхэд 1970 оноос хойш байгалийн гамшгийн тохиолдол 4 дахин нэмэгдсэн байна. Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлд бэлэн байх, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна. Чухам ийм хүчин чармайлтад хувь нэмэр болгон, Монгол Улс Гамшгийн эрсдлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 7 дугаар сард Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо хүлээн авч зохион байгуулах юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол Улс цөлжилт, ган, газрын доройтол, ой хээрийн түймэр зэрэг хүрээлэн буй орчны давхацсан олон сорилт бэрхшээлд өртөх боллоо. Тиймээс экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгаа хамгаалах, тэдгээрийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, түүнчлэн ногоон эдийн засгийг хөхиүлэн дэмжих зэрэг үндсэн зорилт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан.
Хөгжингүй болон хөгжиж буй улс орон гэлтгүй бид бүгд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр буй болсон шинэ сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн билээ. Монгол Улсын хувьд Үндэсний зорилтот хувь нэмрээ тодорхойлж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын түвшинг 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд түүндээ хүрэхийн тулд хичээн ажиллах болно.
Энэ жилийн Ерөнхий санал шүүмжлэлийн сэдвийг “Хүмүүнд төвлөрөх нь: Тогтвортой дэлхий ертөнц дэх бүх нийтийн энх тайван, сайн сайхан амьдралын төлөө тэмцэх нь” хэмээн сонгосон нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн үндсэн агуулга, үзэл санааг багтааж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтууд хэрэгжиж гэмээнэ манай дэлхий ертөнц өөрчлөгдөх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон нь чухал хэдий ч тэдгээрийн хэрэгжилтийг үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд хангах нийтлэг бүтэц, зураглалыг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлага байгааг бид харахгүй өнгөрч болохгүй. Чухам энэ чиглэлээрх чухал алхмыг өнгөрсөн 7 дугаар сард болсон Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулга уулзалтын үеэр хийсэн билээ. Амар амгалан, шударга, хүн нэг бүрийн оролцоотой нийгэм цогцлоохыг, түүнчлэн хамтын арга хэмжээний дүнд эмзэг бүлгийн иргэдийг чадавхижуулахын ач холбогдлыг тус тус онцлон тэмдэглэсэн дээрх Чуулга уулзалтын тунхаглалыг Монгол Улс бүрнээ дэмжиж байна.
Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан баталсан улсуудын нэг билээ. 2016 оны 2 дугаар сард Монгол Улсын Их Хурал «Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030» баримт бичгийг баталсан. Уг баримт бичигт 2030 он гэхэд Монгол Улс экологийн тэнцвэрт байдлыг хангаж, ардчилсан засаглалаа бэхжүүлэхийн хажуугаар, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд орох зорилт тавьсан юм. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын зэрэгцээ Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин гэсэн хөгжлийн үндсэн гурван тулгуур хүчин зүйлсийг нэгтгэж байна. Бид эдгээр зорилтыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох бусад баримт бичигт тусгасан болно.
Дэлхий нийтийн хөгжлийн тэргүүлэх асуудлууд дотроос далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ, шаардлагын асуудал Монгол Улсын анхаарлын төвд байдаг. Дэлхийн Худалдааны Байгууллагын тооцоогоор далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдааны зардал олон улсын худалдаанд үнэлгээний дүнгээр 260 хувийн тариф тогтоосонтой тэнцэж байна. Түүнчлэн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн Ажлын албаны судалгаанаас харахад далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдол дахь хөгжлийн түвшингээс дунджаар 20 хувиар доогуур байгаа аж. Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа бусад оронтой хамтран Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг (2014-2024) үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Үүнтэй холбогдуулан онцлоход, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрийг 10 улс соёрхон баталсан тул ирэх 10 дугаар сарын 6-наас эхлэн уг хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг цохон тэмдэглэхэд таатай байна.
Улаанбаатар хотноо төвтэй Олон улсын уг судалгааны төв Монгол Улсын Засгийн газар болон бусад түншийн санхүүгийн дэмжлэгтэйгээр судалгаа, шинжилгээний ажлаа аль хэдийнэ эхлүүлээд байна. Тус төв бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж гэмээнэ Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тус дөхөм үзүүлэх учиртай юм.
Уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн бэхжүүлэх асуудал далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эн тэргүүний нийтлэг зорилт болж байна. Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2016 онд нэгдэн орсон. Тус хэлэлцээр «Дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө»-ний тухай 11 дүгээр зүйлийн дагуу далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдааны зардлыг бууруулж, худалдааг эрчимжүүлэх ихээхэн боломж олгоно гэж бид үнэлж байна. Энэ нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд нэмүү өртөг шингээсэн дэлхийн сүлжээнд нэгдэж, далайд гарцгүй байдлаас эх газрыг дунд нь холбосон улс болоход нь тус дөхөм үзүүлэх юм.
Монгол Улс худалдааны гол түншүүдийнхээ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ, БНСУ зэрэг улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааны ажлыг хийж байна. Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан, мөрдөн ажиллаж байна.
Бидний хамгийн ойрын хөрш Зүүн хойд Азийн бүс нутагт эдийн засгийн интеграцийн үйл явцыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс хөрш орнуудтайгаа дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. 2016 оны 6 дугаар сард Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Тус хөтөлбөр нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх юм. Өнгөрсөн 8 дугаар сард гурван улс эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн талаар санал нэгдсэн. Өдгөө бид Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангах механизмыг бий болгохоор ажиллаж байна.
Монгол, БНХАУ болон ОХУ Азийн авто замын сүлжээгээр Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2016 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан нь гурван талын хамтын ажиллагааны бас нэг чухал алхам боллоо.
Монгол Улс төмөр зам, авто зам, агаарын тээвэр, эрчим хүчний сүлжээ болон нефть-хийн хоолойн дэд бүтцийг сайжруулах, далайд гарах сувгийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрш хоёр улс болон бусад түнш улстай цаашид ч хамтран ажиллахыг зорьж байна.
2015 онд баталсан Монгол Улсын эрчим хүчний бодлогод 2030 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бий болгох том зорилт тавьсан. Манай улсын нарны эрчим хүч 7000 тераватт, салхины эрчим хүч 5000 тераваттын нөөцтэй. Тэдгээрийг ашиглан Монгол Улс бүс нутгийн улс орнуудад цэвэр эрчим хүч экспортлох хязгааргүй нөөц бололцоо байна.
Бид Зүүн хойд Азид сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх Говьтек, Азийн эрчим хүчний супер сүлжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Эдгээр төсөл нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэргээр эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны ихээхэн үр өгөөж хүртэх боломжийг бүс нутгийн улсуудад олгох юм. Эдгээр сэргээгдэх эрчим хүчний чухал төслийг хэрэгжүүлэх чиглэлээр бид Азийн хөгжлийн банк, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг зэрэг олон талт түнштэйгээ хамтран ажиллахыг зорьж байна.
Олон улсын хамтын нийгэмлэг 2030 он хүртэлх хөгжлийн замын зургаа тодорхойлохдоо хэнийг ч эс орхигдуулах амлалт авсан. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь ард иргэд, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн дундах тэгш бус байдлыг багасгах явдлыг олон улсын хамтын нийгэмлэгийн маргашгүй тэргүүлэх чиглэл болгон тавьсан.
Нийгмийн тогтвортой хөгжлийн асуудал Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 үзэл баримтлалын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Хүйсийн тэгш байдлыг хангах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бий болгох, хүн бүр өндөр чанартай дээд боловсрол эзэмших бололцоог хангах, ядуурлын бүх төрлийг устгах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх зэрэг зорилт уг баримт бичигт тусгагдсан.
Энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахгүйгээр Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг цаг тухайд нь үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч эдүгээ олон газар энх тайванд аюул занал учирсаар байна.
Монгол Улс Зүүн хойд Ази дахь нөхцөл байдал хурцдаж буйд санаа ихээхэн зовниж байна. БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзлэлийг үл ойшоон, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөн бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж байгааг Монгол Улс эрс эсэргүүцэж байна. 25 жилийн турш цөмийн зэвсгээс ангид статустай байгаа Монгол Улсын хувьд Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой хэмээх зарчмын байр сууриа дахин нотолж байна. Бид Зүүн хойд Ази дахь хурцадмал байдлыг улам даамжруулах аливаа үйлдлээс зайлсхийх, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг холбогдох талуудад уриалж байна.
Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам нь яриа хэлэлцээ гэдэгт огт эргэлзэх хэрэггүй. Яриа хэлэлцээний арга замын нэг нь 2013 онд Монгол Улсын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ байх боломжтой юм. Өнгөрсөн 6 дугаар сард бид уг санаачилгын хүрээнд 4 дэх удаагийн Олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хоёрдугаар сувгийн түвшинд хийгдсэн өмнөх гурван хуралтай харьцуулахад энэ удаа бид 1,5 сувгаар хуралдлаа. Энэхүү санаачилгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцээд зогсохгүй эрчим хүч, хүрээлэн буй орчны боломжит төслүүдийн талаар санал солилцож байна. Тиймдээ ч Улаанбаатарын яриа хэлэлцээ нь Зүүн хойд Азийн бүх улсын оролцоог хангасан нээлттэй механизм болон төлөвшиж байна.
Сүүлийн үеийн хурцадмал байдал цөмийн зэвсгийн аюул занал улам бүр сэтгэл чилээх асуудал болж буйг нотолж байна. Монгол Улс 2017 оны 7 дугаар сарын 7-нд баталсан Цөмийн зэвсгийг хориглох гэрээг талархан тэмдэглэж байна. Цөмийн зэвсэг байгаа цагт түүнийг ашиглах эрсдэл оршсоор байх болно. Цөмийн зэвсэг ашиглахгүй байх цорын ганц баталгаа нь түүнийг бүр мөсөн устгах явдал юм. Энэхүү туйлын зорилгод хүрэхийн тулд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг аль болох эрт хүчин төгөлдөр болгох, түүнчлэн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг Хянан хэлэлцэх 2010 оны Бага хурлын төгсгөлийн баримт бичигт туссан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хүч чармайлт гарган ажиллах нь нэн чухал юм. Мөн Зэвсэг хураах бага хурлыг удаан үргэлжилсэн гацаанаас гаргах зайлшгүй шаардлага байна.
Терроризм олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн хэвээр байна. Дэлхий дахинаа террорист үйл ажиллагааны эрч сулралгүй оршсоор байна. Терроризмтой тэмцэх дэлхий нийтийн хүч чармайлтыг удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба бий болгосныг Монгол Улс сайшаан дэмжиж байна.
21 дүгээр зуунд манай дэлхий Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том хэмжээний дүрвэгсдийн хямралтай нүүр тулж буйг харахад сэтгэл өөрийн эрхгүй шимширч байна. Тоймгүй олон хүн, тэр дундаа Рохингиа мусульманчууд орон гэрээсээ дайжихад хүрээд байна. Хүчээр шилжин суурьших явдлаас үүдэлтэй хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн аймшиг нэн даруй эцэс болох ёстой.
Дүрвэгсдэд үзүүлэх өнөөгийн хүмүүнлэгийн тусламж дараахь 3 хүчин зүйлсийг агуулсан иж бүрэн агуулгатай байх ёстой. Үүнд дүрвэгсдийн нэр төрийг дээдлэх, хүлээн авагч улсад дэмжлэг үзүүлэх, дүрвэхэд хүргэсэн суурь шалтгааныг засч залруулах зэрэг болно. Аюулгүйгээр нүүх бололцоогоор дүрвэгсдийг хангах, дүрвэгсдийн асуудлаарх олон улсын хууль эрх зүй, түүнчлэн хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйг дээдлэх нь бид бүгдийн хамтын үүрэг хариуцлага мөн.
Шилжин суурьшигчдын их хөдөлгөөн ч мөн бидний анхаарлын төвөөс гарах учиргүй. Ирэх 2018 онд Шилжилт хөдөлгөөний дэлхий дахины хэлэлцээр батлагдана гэдэгт бид найдаж байна. Уг баримт бичиг нь шилжин суурьшигчдын статусыг үл харгалзан тэдний аюулгүй байдал, хүний эрхийг хангах, түүнчлэн олон улсын шилжилт хөдөлгөөний засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болох юм.
Эдүгээ НҮБ-ын энхийг сахиулагчдын үүрэг үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг чандлан сахихын тулд энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйдаа бахархалтай байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын 15000 гаруй цэнхэр дуулгатан дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хамгийн их цэрэг, цагдаа хандивлагч 30 улсын нэг болоод байна.
Энхийг сахиулах, сэргээн босгох үйл хэрэгт оролцож байгаа Монголын энхийг сахиулагчид эр зориг, ур чадвар, нутгийн иргэдийг хүндэтгэдэг зан чанараараа нэгэнт үнэлэгдсэн. НҮБ-ын Өмнөд Судан дахь ажиллагаанд оролцож байгаа манай энхийг сахиулагчид тус орны хэд хэдэн сургуулийг сэргээн засварласан.
Бид цаашид инженерийн болон тусгай үүрэгт рот илгээж НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энх тайван, хөгжил дэвшил, хүний эрх бол НҮБ-ын үндсэн 3 тулгуур билээ.
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн гишүүний хувьд бид цаазаар авах, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцахын эсрэг бат байр сууриа дахин нотолж байна. Дөрвөн өдрийн өмнө бид Аргентин, Европын Холбоотой хамтран “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо” санаачилгын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан.
Хуулийн засаглалыг дээдэлсэн ардчилсан, нээлттэй нийгмийг бэхжүүлэх нь Монгол Улсын урт хугацааны эрхэм зорилго юм. Нийгмийн хариуцлагатай институциуд бий болгох, шударга ёсыг хүн бүрт хүртээмжтэй болгох, авлигыг эрс бууруулах зэрэг нь Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтод туссан гол хүчин зүйлс билээ.
Дэлхий ертөнц бүх нийтийг хамарсан мянга мянган сорилт бэрхшээлтэй тулгарч буй өнөө цагт олон талт хамтын ажиллагаанд эргэлзэх нь өрөөсгөл юм. Өнөөгийн даяарчлагдсан дэлхийд бидний өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг нэг ч улс дангаараа даван туулж чадахгүй. Бүх нийтийг хамарсан асуудлууд бүх нийтийн оролцоотой шийдлийг шаардаж байна.
Том, жижиг гэлтгүй бүх улсын аюулгүй байдлын баталгаа болсон ганц байгууллагын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага олон талт хамтын ажиллагааны цөм мөн юм. Гэхдээ олон талт хамтын ажиллагааны цөм төдий гэдэг агуулгаар бус харин үр дүнтэй олон талт хамтын ажиллагааны цөм байлгахын тулд бид НҮБ-ыг бэхжүүлэх шаардлагатай. НҮБ бол энх тайвны төлөөх дипломат ажиллагааг өргөжүүлэх арга хэрэгсэл хэмээх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үзэл санааг бид сайшаан тэмдэглэж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга санаачлан, Зуучлалын асуудлаарх өндөр түвшний зөвлөл байгуулсан нь цаг үеэ олсон хэрэг болсон. Зөвлөлийн нэр хүнд бүхий 18 гишүүн нь тус зөвлөлд өөрсдийн давтагдашгүй ур чадвар, хамгийн чухал нь зуучлалын үйл хэрэгт амин чухал хүчин зүйл болох итгэл хариуцлагыг авчрах нь дамжиггүй.
Эцэст нь тэмдэглэхэд, Монгол Улс НҮБ-ыг хүнд суртал багатай, илүү үр ашигтай, бүтээлч, хөрсөн дээр буусан болгохын төлөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэчлэлийн үзэл санааг бүрнээ дэмжиж байгааг дахин нотолж байна. Эцсийн дүндээ энэ нь НҮБ илүү хүчирхэг, үйлчилж буй хүмүүстээ илүү хариуцлагатай байгууллага болох цорын ганц арга зам мөн юм.
Анхаарал хандуулсанд баярлалаа.