Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД СТАТУСЫН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ИЛГЭЭЛТ СОЛИЛЦОВ

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД СТАТУСЫН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ИЛГЭЭЛТ СОЛИЛЦОВ

1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болж буйгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс зарлан тунхагласан бөгөөд өнөөдөр уг статусын 25 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс илгээлт ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хариу илгээлт хүргүүлэв.

——————————-

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД СТАТУСЫН

25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ИЛГЭЭЛТ

2017 оны 9 дүгээр сарын 25

 

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа зарлан тунхагласны 25 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг мөчид цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр гаргаж ирсэн Монгол Улсын Засгийн газар, ард түмний ололт амжилтыг Нэгдсэн Үндэстний Байгууллага гүнээ талархан дэмжиж байна.

Монгол Улсын статус нь онцгой бөгөөд энэ нь тус улс цөмийн зэвсгээс ангид энэхүү статусаа бэхжүүлж, дипломат санаачлагынхаа үр шимийг хүртэхийн тулд хөрш улсуудтайгаа урт удаан хугацаанд, үр дүнтэй хамтран ажиллаж ирсний илрэл мөн.

Өнгөрсөн 50 жилийн туршид дэлхий дахинаа цөмийн зэвсэггүй бүс байгуулах хүчин зүтгэл идэвхжиж, эдүгээ НҮБ-ын гишүүдийн 60 орчим хувь нь тийм бүсэд хамрагдах болов. Цөмийн зэвсэггүй бүсүүд нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход чиглэсэн үнэтэй бөгөөд дорвитой алхам мөн.

Цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачлагууд нь бүс нутгийн улс орнууд өөр хоорондоо болон цөмийн зэвсэгтэй улсуудтай яриа хэлцээ өрнүүлэх боломжийг буй болгож, бүс нутгийн хэмжээнд итгэлцлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлсээр ирэв.

Эдгээр санаачлагууд нь цөмийн зэвсгийг хураах, тийм зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Илүү амгалан тайван, хөгжил цэцэглэл бүхий дэлхий ертөнцийг цогцлон байгуулах их үйлсэд тус дөхөм үзүүлж буй Монгол Улсын тууштай хүчин чармайлтыг миний бие сайшаан дэмжиж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Улаанбаатар хот,                                                   2017 оны 9 дүгээр сарын 25

 

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж, баярын илгээлт ирүүлсэн явдалд Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлогынхоо хүрээнд 1992 оны 9 дүгээр сарын 25-нд цөмийн зэвсгээс ангид статустай болж буйгаа зарлан тунхаглаж, уг статусыг олон улсын түвшинд бэхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн билээ.

Монгол Улс энэхүү статусаа тодорхойлон бэхжүүлэх талаар багагүй хүчин чармайлт гарган ажиллаж, өнгөрсөн 25 жилийн хугацаанд тодорхой амжилтад хүрснийг тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Их хурал 2000 онд “Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль” батлан гаргаж, өөрийн статусаа үндэснийхээ хэмжээнд хуульчлан баталгаажуулж мөрдөж байна.

Цөмийн зэвсэгтэй хоёр улстай хил залгадаг манай улсын хувьд өөрийн статусыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж, бэхжүүлэх амаргүй үйл хэргийг урагшлуулахад зарим тодорхой ахиц гаргасныг цохон тэмдэглэхэд таатай байна. Цөмийн зэвсэгтэй 5 гүрэн манай статусын асуудлаар 2000 онд хамтарсан мэдэгдэл, 2012 онд хамтарсан тунхаглал гаргаж, улс төрийн баталгаа олгосон нь ихээхэн ач холбогдолтой болсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллага манай санаачилгыг өндөрөөр үнэлж, асуудлыг хоёр жил тутам хэлэлцэж тогтоол шийдвэр гаргаж ирсэнд Монгол Улсын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж буйг минь болгооно уу.

Дэлхий дахинаа цөмийн зэвсгийн аюул занал оршсоор буй энэ цаг мөчид цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход цөмийн зэвсэггүй бүсүүдийн үүрэг улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд цөмийн зэвсэггүй статусаа олон улсын түвшинд баталгаажуулах замаар цөмийн зэвсгийг хураах, тийм зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахад анхаарч ажиллах болно.

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа бэхжүүлэх чиглэлээр НҮБ болон гишүүн орнуудтай цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэхийн ялдамд тус улсын гадаад аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол шийдвэрийн заалтуудыг НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа энэ дашрамд нотлоход таатай байна.

                                                МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

                                                     ХАЛТМААГИЙН БАТТУЛГА