Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатар хотод суугаа гадаад орны дипломат болон өргөмжит консулын газруудтай хамтран энэ есдүгээр сарын 23-ны өдөр Блю Скай зочид буудалд “Сайн санааны үйлс “өдөрлөгийг зохион явуулав. Жил бүр зохиогддог энэхүү уламжлалт арга хэмжээнд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Э.Сарантогос, Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ю.Муррей зэрэг хүмүүс оролцов.
Эмэгтэйчүүдийн дипломат Клубын тэргүүн С.Онон, ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Э.Сарантогос болон Улаанбаатарт суугаа дипломат корпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар өдөрлөгт оролцохоор хүрэлцэн ирсэн зочдод хандан товч үг хэлэв.
Тэд Эмэгтэйчүүдийн дипломат Клубаас явуулж ирсэн үйл ажиллагаа, эмзэг бүлгийнхэнд зориулан хэрэгжүүлж ирсэн төслүүдийн ач холбогдлыг онцгойлон тэмдэглэв.
Тус өдөрлөгт Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Унгар, ОХУ, БНСУ, Турк, БНХАУ, Энэтхэг, Японы ЭСЯ-д , Румыны болон Тайландын Өргөмжит консулын газар идэвхтэй оролцож өөрийн орны соёл, урлаг, үндэсний хоол, зан заншилаа танилцуулсан ба гадаадын болон монголын сурагч, оюутнууд урлагийн тоглолт үзүүлж сонирхуулав.
Хөсөг, Маку, Ялгуун, Наад бренд, Форэко, Ногоон сор, РеДа Фэшн, Монгол каллиграфи, Уран хатгамал зэрэг манай үндэсний бренд үйлдвэрлэгч компани, зарим аж ахуй эрхлэгчид өөрийн шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан танилцуулав.
Энэ удаагийн “Сайн санааны үйлс” өдөрлөг нь ирэх онд болох Эмэгтэйчүүдийн дипломат клубын 20 жилийн ойг угтах хүрээнд зохион байгуулагдаж байгаа нэг томоохон арга хэмжээ болов.