Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АСЕМ-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АСЕМ-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2017 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын энэ удаагийн уулзалт нь 12 жилийн дараа сэргэж буй уулзалт гэдгээрээ онцлог бөгөөд уулзалтад Ази, Европын 51 гишүүн орны/Азиас 21, Европоос 30/ сайд нар болон Европын Холбоо, АСЕАН-ы төлөөлөл оролцож,  Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх, Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “дэлхийн эдийн засаг өсөн нэмэгдэж буй худалдааны хамгаалалт, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал зэрэг шинэ сорилтуудтай тулгарч буй энэ цаг үед АСЕМ-ийн Эдийн засгийн Сайд нарын уулзалтыг сэргээн зохион байгуулж буйн чухлыг онцлон, тус улс “хүн төвтэй эдийн засаг”-ийн загварт шилжих замаар бүс нутгийн эдийн засгийн хамтын өсөлтийг дэмжихээ илэрхийлэв.

АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтын хүрээнд Ази, Европын Эдийн засгийн форумын 14 дэх чуулга уулзалт, Глобал эко-инновацийн форум, АСЕФ Залуу удирдагч нарын уулзалт зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд уулзалтын дүнгээр Эдийн засгийн сайд нарын хамтарсан мэдэгдэл болон “Сөүлийн санаачлага” баримт бичгийг тус тус гаргав.