Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.09.11-2017.09.15

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.09.11-2017.09.15

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНЧУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДЫН ОРЛОГЧ ИВАН ЯНЧАРЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайдын орлогч Иван Янчарекийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спролыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа тэлэх өргөн боломж байгааг дурдаад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ХОЙД НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ 6 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2017 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Швейцарийн Монтрё хотноо зохион байгуулсан Хойд Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаарх Дугуй ширээний 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож үг хэлэв.

МОНГОЛ УЛС, БНЧУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНЧУ-ын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт  Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, айлын талаас Чехийн Гадаад хэргийн дэд сайдын орлогч Иван Янчарек нар тэргүүлэн оролцов.

МОНГОЛ, ХОККАЙДОГИЙН БИЗНЕС ФОРУМ БОЛОВ

“Хоккайдо,Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол, Хоккайдогийн II бизнес форум” Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болов. Форумыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Ц.Такэбэ, Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Болд нар нээж үг хэлэв.