Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Минск хотноо болов.
Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, беларусийн талаас Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк нарын даргалсан энэхүү хуралдаанаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул, уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд өмнөх хуралдаануудын үеэр харилцан тохирсон зүйлсийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх шинэ арга замуудыг эрэлхийлэн зохистой шийдвэр, гарцуудыг олохыг энэ удаагийн хуралдааны үеэр чухалчилж, Хөгжлийн банкууд болон хоёр улсын Засгийн газруудын хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулахын зэрэгцээ мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн болон бусад салбарын бараа, бүтээгдэхүүнээр төлбөр тооцоог хийх замаар хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын байгууллагуудад шаардлагатай машин техник,, тоног төхөөрөмжийг нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэх талаар идэвхтэй ажиллахаар болов.
Түүнчлэн уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн эд анги угсрах үйлдвэр, хөдөө аж ахуйн аргропарк Монголд байгуулах, Беларусийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах монголын мэргэжилтнүүдийг холбогдох сургалт, семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар болов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн жил болж буй энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг талууд тэмдэглэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж протокол байгуулав.