Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ П.СЭРГЭЛЭНГИЙН БЕЛАРУСЬ УЛС ДАХЬ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ П.СЭРГЭЛЭНГИЙН БЕЛАРУСЬ УЛС ДАХЬ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан,техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын комиссын 4 дүгээр хуралдаанд оролцохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид Минск хотноо 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Ажлын айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэч П.Сэргэлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Л.К.Заяц,  Гадаад хэргийн дэд сайд А.В.Дапкюнас нартай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар санал солилцов.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн хоёр орны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгохын чухлыг онцолж, энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон гаргах шийдвэрүүд нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахын хамт Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэлийг хангахад түлхэц үзүүлнэ гэдгийг тэмдэглэв.

Төлөөлөгчид Минскийн тракторын үйлдвэр, МАЗ, БелАз, хөнгөн үйлдвэрийн Беллегпром концерн, сүү, сүүн бүтээгдэхүүний Здравушка зэрэг Беларусийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, технологи, бараа, бүтээгдэхүүний төрөл, загвартай танилцан бизнесийн холбоо тогтоох, зарим бараа, бүтээгдэхүүнийг санхүүгийн тааламжтай нөхцөлөөр худалдан авах сонирхлоо илэрхийлэв. Беларусийн үйлдвэрүүдийн удирдлага манай улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ байнга нийлүүлэх боломжтой болохыг мэдэгдэж, хоёр тал харилцан ашигтай санхүүжилтийн схемийг боловсруулан хамтран ажиллахаар тохиролцов.