Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2017 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Швейцарийн Монтрё хотноо зохион байгуулсан Хойд Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаарх Дугуй ширээний 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн оролцож, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хуралдааныг даргалав.
Дугуй ширээний уулзалтад АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон зэрэг Зүүн Хойд Азийн орнууд болон Европын холбоо, Швейцарийн төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн шинжээчид оролцлоо. Тэд АНУ-ын шинэ Засаг захиргааны бодлого Хойд Номхон далайн бүсийн орнуудын хүчний тэнцвэрт нөлөөлж байгаа эсэх, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох боломж, БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх боломж үлдсэн эсэх, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Хойд Номхон далайн бүсийн хүчний харилцаа өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд бүс нутгийн орнууд өөрсдийн аюулгүй байдлын стратегийг үүнтэй хэрхэн уялдуулж, шинэчилж байгаа тухай, мөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын харилцаанд «зөөлөн» хүчний гүйцэтгэх үүрэг зэрэг 5 багц асуудлаар үзэл бодлоо солилцлоо.
Солонгосын хойгийн цөмийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд Монгол Улсын санаачилсан Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ тус нэмэртэй болохыг Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн онцлон тэмдэглэв. Улаанбаатарын яриа хэлэлцээний хүрээнд Зүүн Хойд Азийн орнуудын аюулгүй байдал төдийгүй эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарт тулгамдаж буй асуудлаар 2014 оноос жил бүр зохиож байгаа уулзалт, зөвлөлгөөн нь Зүүн Хойд Азийн орнуудын төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагыг хамарсан цор ганц механизм болохыг онцоллоо. Мөн холбогдох талууд яриа хэлэлцээ хийхэд Монгол Улс цаашид ч дэм болоход бэлэн байгааг илэрхийллээ. Энэ эгзэгтэй мөчид Монгол, Швейцарь улс яриа хэлэлцээг зохион байгуулах талбар бүрдүүлэхээ илэрхийлсэнд дугуй ширээний уулзалтад оролцсон төлөөлөгчид талархав.