Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох, ОХУ-д хийх ажлын айлчлал өнөөдөр эхэллээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байна. Түүнчлэн Чуулга уулзалтад Хятад, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид болон Зүүн хойд Ази, Номхон Далайн бүсийн орнуудаас бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нартай хоёр талын уулзалт, Оросын болон гадаадын бизнесийн хүрээнийхэнтэй албан уулзалтууд хийхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллаж байна.