Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АВСТРАЛИЙН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСЛАХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЭНСИ ГОРДОНТОЙ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АВСТРАЛИЙН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСЛАХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЭНСИ ГОРДОНТОЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордонтой өнөөдөр уулзав. Талууд хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ жил Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, боловсрол, эдийн засаг, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай хөгжиж, “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хүрснийг тэмдэглэв.

Австралийн Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордон олон зуун монгол залуучууд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, эх орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэхийн зэрэгцээ Монгол, Австралийн харилцааны нэгэн гүүр болж байгаад бахархдаг талаар ярив.

“МИАТ компани” Cathay Pacific компанитай аялалын дугаар хамтран эзэмшиж Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн хотууд руу нислэг үйлдэх болсон нь хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх сайхан боломж гэдэгт талууд санал нэгдэв.