Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, ОРОСЫН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, ОРОСЫН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар 2017 оны 8 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо хоёр орны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт хийв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцлоо.

Тухайлбал, ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ажлын айлчлал хийх бэлтгэлийг хангах асуудлаар ярилцаж, Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт болон Монгол, Оросын Засгийн газар хоородын комиссын 20 дугаар хуралдааны дүн зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.

Сүүлийн жилүүдэд буурч байсан хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэж буйд талууд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх ихээхэн нөөц боломжтой гэдэгт санал нэг байв.

Хоёр орны хил залгаа аймаг, мужийн харилцаа нь Монгол, Оросын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг талууд тэмдэглэж, хил нэвтрэх явцыг хөнгөвчлөх, эдгээр бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэгт санал нэг байв.

Уулзалтын үеэр хоёр орны найрамдлын бэлэгдэл болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, ашиглалтыг сайжруулах,  дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхэд талууд анхаарал тавих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.

Мөн өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.Моргулов Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт тус тус бараалхав.