Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ “AMBASSADOR SERIES” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ИЛТГЭЛ ТАВИВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ “AMBASSADOR SERIES” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ИЛТГЭЛ ТАВИВ

Дэлхий даяар 28 салбартай Сингапур Улсад төвтэй “Duane Morris & Selvam” олон улсын хуулийн фирмийн санаачлан зохион байгуулдаг “Ambassador series” арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тусгай урилгаар оролцож, “Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавив.

Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд нарын илтгэлийг хэлэлцүүлж, тухайн улсынх нь улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийн талаар мэдээлэл солилцох зорилго бүхий тус арга хэмжээнд бусад улсын Элчин сайд, дотоодын болон олон улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар, бусад байгууллагын төлөөлөл оролцдог уламжлалтай. Энэ удаагийн арга хэмжээнд Португал, Пакистан, Канад зэрэг улсын Элчин сайд нар, тус улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлж буй хөнгөлөлт, дэмжлэг, Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн томоохон төслүүдийн талаар илтгэлдээ дурдав. Уригдан ирсэн зочид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, цаашдын хандлагын талаар асуулт тавив. Тухайлбал, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээн дэх Монгол Улсын оролцоо, Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн талаарх мэдээлэл зэрэгт онцгой анхаарал хандуулж байв.