Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.08.07-2017.08.11

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.08.07-2017.08.11

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙН АЙЛЧЛАЛ ЭХЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцов.

Ираны Ерөнхийлөгч Х.Рухани тангараг ёслол дээр хэлсэн үгэндээ олон улсын хамтын ажиллагаа нь терроризмийг устгах цорын ганц зам, нийтлэг ашиг сонирхолдоо хүрэхийн тулд Иран нь дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн, өнөөдөр дэлхий дахинд зэвсгээр бус яриа хэлэлцээгээр хэл амаа ололцоход анхаарах хэрэгтэй гэж тус тус онцлон тэмдэглэв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АРФ-ЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2017 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж буй АСЕАН-ы Бүсийн чуулганы (АРФ) Сайд нарын 24 дүгээр уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас авран хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг. АРФ-ын даргын үүргийг АСЕАН-ы тухайн жилийн дарга орон гүйцэтгэдэг бөгөөд 2017 онд Филиппиний ээлж тохиож байгаа юм. Энэ удаагийн уулзалтын үеэр АСЕАН үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа болно.