Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс Итгэмжлэх захидлаа гардуулав.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ нийгмийн хөгжил болон хүүхдийн хамгааллын асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сан нь 1963 оноос Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, манай улсын нийгмийн хөгжлийн зорилтууд, нэн ялангуяа бидний ирээдүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа юм.
Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нь Нидерланд Улсын иргэн бөгөөд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар мэргэшсэн хүн юм. Энэ асуудлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн бодлогын баримт бичгүүд, тухайлбал Улс орныг дэмжих хөтөлбөрт тусгах, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж иржээ.