Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотын захирагч цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар Улаанбаатар хот, Бангкок хотын хооронд эгч дүү хотуудын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт Бангкок хотноо 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурав.
Уг хэлэлцээрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 7 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Тайланд Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд байгуулсан бөгөөд хэлэлцээрт заасны дагуу талууд аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, спорт зэрэг салбарт хамтран ажиллах юм.
Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Бангкок хотын захирагч цагдаагийн генерал Асвин Кванмыанг-тай албан ёсны уулзалт хийж, Бангкок хотын номын сан, Петчабури муж дахь Хааны ивээл дор хэрэгжүүлдэг хөдөө аж ахуйн төслийн үйл ажиллагаатай танилцжээ.