ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНФУ-ЫН ЭЛЧИН САЙД Э.БАРСАКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСАД ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭХЭЭР БОЛЛОО
Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.
Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах амлалтаа Европын Холбоо биелүүлж байна. Би Монгол Улсад анх 1998, сүүлд 2016 онд, нийтдээ 3 удаа айлчилсан. Энэ орны хийсэн дэвшил, хүрсэн амжилтад баяр хүргэхээс өөр аргагүй, Европын Холбоо энд байнгын төлөөлөлтэй байх ёстой” гэж дурджээ.