Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.07.03-2017.07.07

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.07.03-2017.07.07

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ НУТАГ БУЦАХТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгэрийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд Эд Жэйгэрийг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Канадын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

МОНГОЛ, ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР, ХУВИЙН ХЭВШИЛ ХООРОНДЫН 8 ДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшил хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 8 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 4-нд амжилттай зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Ё.Мацумура нар ахлав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дэд сайд Ё.Мацумура тэргүүтэй японы талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ВЬЕТНАМЫН ЭЛЧИН САЙД ФАН ДАНГ ДЫОНГ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг-ыг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Фан Данг Дыонг Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд тэмдэглээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв.