Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.06.26-2017.06.30

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.06.26-2017.06.30

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД СУШМА СВАРАЖТАЙ УТСААР ЯРИВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай утсаар ярив.

Монгол, Энэтхэгийн уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх,  дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхийн чухлыг хоёр тал онцолж, энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр улс хамтран ажиллах талаар санал солилцов.

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТНОО ХИЙСЭН ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭ БИЕЛЖ ЭХЛЭВ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр”-ийн дагуу тус улсаас малын шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын II хагаст багтаан нийлүүлэх шийдвэрийг оросын тал гаргалаа. Түүнчлэн, форумын хүрээнд зохиогдсон хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтын үеэр тохиролцсоны дагуу Монгол Улсад ОХУ-аас хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх шийдвэрийг оросын тал мөн гаргаж, холбогдох ажлыг 2017 оны 7 дугаар сард багтаан гүйцэтгэх болсон байна.