Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшил хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 8 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 4-нд амжилттай зохион байгуулагдав.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Ё.Мацумура нар ахлав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дэд сайд Ё.Мацумура тэргүүтэй японы талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсний 1 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Манай тал Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, алхмуудыг Японы хөрөнгө оруулагчдад танилцуулав.
Японы тал манай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах чиглэлд хийсэн судалгааг танилцуулж, Монгол дахь хөрөнгө оруулалтын орчинг улам сайжруулахад чиглэсэн тодорхой саналууд дэвшүүлэв. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар хоёр улсын бизнес эрхлэгчид үр бүтээлтэй санал солилцов.
Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд МҮХАҮТ, Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO)-аас хамтран үзэсгэлэн, бизнес нетворкингийн арга хэмжээ зохион байгуулж, японы талаас 80 орчим, манай талаас 50 гаруй төлөөлөл оролцов.
Үзэсгэлэнгийн дараа Японы төлөөлөгчид Говь, Монкрем, Монос, Витафит зэрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.
Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдснаар Японы бизнесийнхний Монгол дахь сонирхол өсөн нэмэгдсээр байгаа нь уулзалтын үеэр тод харагдав. Энэхүү боломжийг хоёр тал цаашид хэрхэн сайн ашиглаж чадахаас Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйн цар хүрээ, хэтийн төлөв ихээхэн хамаарах юм.