Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Хатагтай Лаима Лусиа Андрикиен нь Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгууль ажиглах бүрэлдэхүүнд Европын Парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаа аж.
Уулзалтаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хатагтай Лаима Лусиа Андрикиентэй хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа өнгөрсөн сард Европын Холбоонд хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, цаашид хийх ажлын талаар ярилцав. Энэ хүрээнд хоёр талын байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох ажлыг түргэвчлэх, Европын Холбооны боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах Монгол оюутан залуусын тоог нэмэгдүүлэх, Европын Холбоотой визийн нөхцлийг хөнгөвчлөх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.