Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБ.ШИРЭНДЭВИЙН ДУРСГАЛЫН САМБАРЫН НЭЭЛТ БОЛОВ

Б.ШИРЭНДЭВИЙН ДУРСГАЛЫН САМБАРЫН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор, академич, ОХУ-ын /ЗХУ-ын/ ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр байгуулагдсан цагаас нь эхлэн 20 гаруй жил ажилласан, Монгол Улсын Их сургуулийн анхны ректор Базарын Ширэндэвийн дурсгалын самбарыг түүний төгссөн Эрхүүгийн Улсын их сургуулийн Багшийн сургууль /хуучнаар Эрхүүгийн Багшийн дээд сургууль/ -ийн Нижняя набережная гудамж дахь байранд байрлуулав.

Дурсгалын самбарын нээлтийн ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болов. Нээлтийн ажиллагаанд Эрхүүгийн улсын их сургуулийн багш, оюутнууд болон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн төв, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл оролцов. Нээлтийн ажиллагаанд Эрхүүгийн Улсын их сургуулийн Ректор А.В.Аргучинцев, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа нар оролцож, үг хэлэв.

Монгол Улсын ШУА-ийг төлөөлж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор С.Дэмбэрэл дурсгалын самбарын нээлтийн ажиллагаанд оролцож, ШУА-ын Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлээс илгээсэн Талархлын бичгийг Эрхүүгийн их сургуулийн Ректор А.В.Аргучинцевт гардуулав.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас ОХУ-ын Эрхүү хотын их, дээд сургуулиудад суралцаж төгссөн Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, шилдэг эрдэмтэд, алдар цуутай хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор одоогоос 5 жилийн өмнө Байгалийн улсын их сургуульд /хуучнаар Улс ардын аж ахуйн дээд сургууль/ Юмжаагийн Цэдэнбалын, Эрхүүгийн шинжлэх ухааны техникийн их сургуульд /хуучнаар Политехникийн дээд сургууль/  Шагдарын Отгонбилэгийн, Эрхүүгийн улсын их сургуульд Ануударийн Дашдоржийн дурсгалын самбарыг тус тус байрлуулсан юм.