Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЕАБХАБ-ЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕАБХАБ-ЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзан, энэ 6 дугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцав.

Элчин сайд Гээрт-Хинрич Арэнс ЕАБХАБ-ын АИХЭА 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг тус тус ажиглаж байсныг тэмдэглэж, энэ удаад ЕАБХАБ-ын гишүүн 20 орны 30 ажиглагч урт хугацаанд буюу өнгөрсөн 5 дугаар сарын 22-ноос ирэх 7 дугаар сарын 5-ыг дуустал манай улсад ажиллахыг тэмдэглэж, тус багийн ажилд дэмжлэг үзүүлж байгаад Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг тэмдэглэж, цаашид тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл болох цэрэг-улс төрийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, нэн ялангуяа, эдийн засаг, нийгэм, хүний аюулгүй байдлын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.