АНУ-д айлчилж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-нд Энхтайвны корпусын Захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Ш.Кроулитай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Энхтайвны корпус нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголд сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, Монгол Улсын нийгмийн хөгжилд түүний дотор эрүүл мэнд, боловсролын салбар чиглэлд ажиллуулан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, талархал илэрхийлэв.
Хатагтай Ш.Кроули Монгол Улсын Засгийн газар сайн дурын ажилтнуудад дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, манай талын хүсэлтийн дагуу Монголд сайн дурын үйл ажиллагааг дэмжих төсөл эхлүүлж байгааг дурдав. Энэхүү шинэ төслийн хүрээнд Энхтайвны корпус нь сайн дурын үйл ажиллагааны туршлагаа Монгол Улсын Засгийн газартай хуваалцаж, манай улсад сайн дураар үйл ажиллагаанд оролцох орчинг дэмжих зорилго бүхий бүтцийг бий болгоход хоёр тал хамтран ажиллах юм.
Улмаар Монголд ажилласан туршлагатай сайн дурын ажилтан Монголын онцлог хэрэгцээнд нийцсэн үндэсний сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад шаардагдах судалгааг хийж, хөтөлбөрийн загварыг гаргах юм. Мөн АНУ-ын дотоодод хэрэгжүүлдэг сайн дурынхны байгууллага болох “Americorps”-ын туршлагыг судалж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.
Энхтайвны корпусын үйл ажиллагаа Монголд эхэлсний 25 жилийн ой 2016 онд тохиосон бөгөөд энэ хугацаанд тус байгууллагын 1200 гаруй сайн дурын ажилтан Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллажээ.
Энхтайвны корпус нь дэлхийн улс орнуудын өмнө тулгараад буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд шилдэг бөгөөд чадварлаг Америкчуудыг АНУ-ын нэрийн өмнөөс илгээж, ажиллуулдаг байгууллага юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд Энхтайвны корпусыг байгуулснаас хойш 220,000 орчим Америкийн сайн дурын ажилтан дэлхийн 140 оронд ажиллаад байна.