Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбоо (ЕХ)-ноос Монгол Улсын гадаад худалдааг нэмэгдүүлж, экспортод дэмжлэг үзүүлэх зорилготой “Худалдааг дэмжих (Trade related assistance for Mongolia буюу TRAM)” төслийг хэрэгжүүлэгч ХБНГУ-ын хөгжиж буй эдийн засагтай улсуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ГОПА (GOPA Worldwide Consultants) байгууллагын Кэннет Мунтер, Тоби Филпот нарыг 2017 оны 6 дугаар сарын 6-нд хүлээн авч уулзан төслийн бэлтгэл ажил, хэрэгжилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцов.
Энэхүү төслийн ерөнхий зорилго нь Монгол Улсын гадаад худалдааны үр ашигтай бодлого боловсруулах, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжилд хувь нэмэр оруулахад орших бөгөөд төсөл хэрэгжүүлэх хугацаа 4 жил байх юм.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын үеэр хоёр хөрш орны зах зээл болон уул уурхайн салбараас хэт хамаарал бүхий Монгол Улсын гадаад худалдааны бүтцийг экспортын бүтээгдэхүүн болон зах зээлийг төрөлжүүлэх, эдийн засгийн интеграцид нэгдэх замаар сайжруулах, гадаад худалдааны салбарын төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн салбарын чадавхийг дээшлүүлж, экспортыг дэмжих бодлогын хүрээнд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах чадавхийг сайжруулж, дотоодын үйлдвэрлэлийн харьцангүй давуу тал бүхий бүтээгдэхүүн болон салбарыг тодорхойлох, дэмжих үйл явц чухлаар тавигдаж байгааг онцлов.
Мөн тэрээр ЕХ-ноос манай улсад өнгөрсөн хугацаанд үзүүлсэн тусламж дэмжлэг, амжилттай хэрэгжүүлсэн төслүүд тодорхой үр дүнгээ өгч байгааг дурдан талархал илэрхийлээд “Худалдааг дэмжих” төслийг дэмжин ажиллаж, уг төслийн үр дүнд Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийг төрөлжүүлэх үйл явцад ахиц гарна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.