Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, АРГЕНТИНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР УУЛЗАВ

МОНГОЛ, АРГЕНТИНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн сайд Сюзана Малкорратай Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад хэргийн сайд нар 2017 оны 3 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Аргентины ГХЯ-д хоорондын Анхдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг тэмдэглэж харилцааны энэхүү сувгийг тогтмолжуулахын чухлыг онцлов.

Хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа малын эрүүл ахуй, мал эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн аргентины тал Цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах, энэ хүрээнд жижиг хэмжээний цөмийн цахилгаан генераторуудыг Австрали, Ливи улсуудад нийлүүлсэн туршлагаасаа хуваалцаж цөмийн эрчим хүчний салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.