Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС, КУВЕЙТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

МОНГОЛ УЛС, КУВЕЙТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Эль-Кувейт хотод амжилттай болж өнгөрөв. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тэргүүлэн оролцов.

Хуралдаанаар Монгол, Кувейтийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт  татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, соёл, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцож ярилцав.

Талууд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 40 гаруй жилийн хугацаанд  найрсаг дотно харилцаа хөгжүүлж, ялангуяа улс төрийн харилцаа дээд өндөр түвшинд батжин бэхжсэнийг тэмдэглэж, эдүгээ хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхний хоорондын харилцааг өргөжүүлэн ажиллахын төлөө байгаагаа санал нэгтэй тэмдэглэж, ЗГХК-ын хуралдаан чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг харилцан тэмдэглэв.

Тус хуралдааны үеэр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд баригдах Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаас гадна аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэж, санамж бичиг байгуулахаар тохиролцов. Тухайлбал, Үндэсний төв номын сангийн барилгын төсөл, Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох зэрэг төслийг хэрэгжүүлэхэд кувейтийн талаас дэмжлэг хүсэв. Мөн Монголоос Кувейтэд мах, амьд мал экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай протокол, хоёр талын стандартын байгууллага хооронд хамтран ажиллах баримт бичиг байгуулах тухай  манай талын саналыг айлын тал судалж байгаагаа мэдэгдэж, хариу өгөхөөр болов.

Хоёр тал хэвлэл, мэдээллийн салбарт хамтран ажиллах, туршлага судлах, танилцах аялал зохион байгуулах, хоёр орны соёл, уламжлалыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцов. Кувейтийн тал 2017-2019 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулах санал тавьж баримт бичгийн төслийг гардуулж өгөв. Хоёр тал хөтөлбөр байгуулах талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов.

Кувейтийн талтай хийсэн уулзалт ярианы үеэр талууд 2007 онд байгуулсан Кувейтийн  газрын тосны корпораци, Монголын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааын санамж бичгийн хүрээнд кувейтийн талаас түүхий газрын тос авч боловсруулах, газрын тосны мэргэжилтэн сургах, кувейтийн талыг газрын тосны нийлүүлэлтийн хуваарьтаа манай хүсэлтийг 2018 оноос эхлэн тусгах зэрэг асуудлыг ярилцаж, санал тавив.

Кувейтийн тал 2018 оны 2 дугаар сард зохион байгуулах Олон улсын худалдааны хоёр дахь удаагийн үзэсгэлэнд оролцохыг урив.

Арга хэмжээний үеэр Сайд Ж.Мөнхбат Кувейт Улсын Эрхэм дээд Эмирийн Ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Насер Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Засгийн газрын асуудал эрхэлсэн Төрийн сайд Шейх  Мухаммед Абдулла Аль-Мубарак Аль-Сабах, Сангийн дэд сайд Халифа Мусаед Хамада, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадер, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Фарук Али Бастаки нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хуралдаанд манай талаас  гадаад хэрэг, сан, хөдөө аж ахуй, байгаль орчин,  аялал жуулчлалын яамд, хөгжлийн банкны төлөөлөл оролцсон бол кувейтийн тал дээд боловсрол, мэдээлэл, соёл, урлаг, иргэний нисэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар зэрэг олон салбарын 30 гаруй төлөөлөгч оролцуулж, салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдааны төгсгөлд хоёр тал Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, харилцан тохиролцсон зүйлсээ бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа харилцан нотлов.

Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан нь хоёр орны өнөөгийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хүрээг илүү олон салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

ЗГХК-ын хуралдааны үр дүнгээр гаргасан хамтарсан тэмдэглэлд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн Сангийн Дэд сайд Халифа Мусаед Хамада нар  гарын үсэг зурав.

Манай төлөөлөгчдийн тэргүүн ЗГХК-ын хуралдааныг эх орондоо зохион байгуулсанд талархал илэрхийлж, Комиссын кувейтийн талын дарга ноён Халифа Мусаед Хамадаг Монголд айлчлахыг урив. ЗГХК-ын дараагийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.