Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын Европын Холбоонд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож, удахгүй хэрэгжүүлэх Монгол Улсын гадаад худалдааг дэмжих төслийн талаар ярилцав.  Түүнчлэн, өнгөрөгч гуравдугаард сард болсон хамтарсан хорооны хуралдаанаар тохирсны дагуу Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оноос төсөвт дэмжлэг авах, төсвийн менежментийг сайжруулах чиглэлд хийх шат дараатай ажлын талаар ярилцав.

Уулзалт эхлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасныг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гардуулав.

Шагнал гардуулах үеэр сайд Ц.Мөнх-Оргил энэхүү шагнал нь Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд таны оруулсан хувь нэмрийг үнэлэхээс гадна Монгол Улс Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч байдгийн илрэл болохыг тэмдэглэв.

Энэ жил Европын Холбоо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Европын Холбооны төлөөлөгчийн газар “Европын өдөр”-ийг Монгол Улсад анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг ХБНГУ-ын ЭСЯ-ны байранд зохион байгуулав.