Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОХУ-Д СУРАЛЦАГЧДЫН «ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД МИНИЙ ОРОЛЦОО» ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ-ПРАКТИКИЙ V БАГА ХУРАЛ БОЛЛОО

ОХУ-Д СУРАЛЦАГЧДЫН «ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД МИНИЙ ОРОЛЦОО» ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ-ПРАКТИКИЙ V БАГА ХУРАЛ БОЛЛОО

ОХУ-д суралцагчдын ”Эх орны хөгжилд миний оролцоо“ уламжлалт эрдэм шинжилгээний онол-практикийн V бага хурал Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуульд 2017 оны 5 дугаар сарын 20-нд амжилттай зохион байгуулагдлаа.  Тус хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны III НБД бичгийн дарга Ц.Сайнсанаа, пресс-атташе Н.Лхагвасүрэн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Москва дахь төлөөлөгчин газрын дарга С. Алтанбек болон тус сургуулийн сурган сэтгэл судлалын тэнхимийн багш СХУ-ны доктор, профессор Л.С. Подымова нар уригдан оролцов.  “Ле Мон” клубын тэргүүн Н. Баттөмөр үйл ажиллагааг нээн үг хэлэв.

Тус эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал нь Монгол улсын хөгжилд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхүйц судалгааны ажил сонирхдог оюутан, магистрантын оновчтой судалгааг шалгаруулж, цаашид дэмжиж бодит биеллээ олоход нь туслах, салбар бүрийн судалгаа шинжилгээний ажлын идэвхийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн уялдаа холбоог сайжруулах, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдаж иржээ.

Жил бүрийн эрдэм шинжилгээний хурлын материалыг ШУТИС, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн эрдэмтэн багш нарт илгээн сэдвийн практик ач холбогдол, эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах стандартыг хангасан эсэхийг тодруулснаас энэ жилийн хувьд нийт 10 хүний илтгэлийг 2-р шатны шалгаруулалтанд сонсохоор  болсон. Эдгээр илтгэлүүдээс Үндэсний судалгаа шинжилгээний “МИСиС” их сургуулийн магистрант Б.Алтансолонгийн  судалгааны ажил шалгаран Гран-При шагналын эзэн болж Улаанбаатараас Москва хүртэл нэг удаа галт тэргээр үнэгүй зорчих эрхийн бичигээр шагнагдлаа.  Байгалийн ухааны чиглэлээр тавигдсан илтгэлээс 1-р байранд Москва хотын эрчим хүчний их сургуулийн магистрант М. Баттулга, 2-р байранд Москвагийн геологи-хайгуулын сургуулийн V курсын оюутан Л. Бөхцоож, нийгэм-хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тавигдсан илтгэлээс 1-р байранд – И.П.Павловын нэрэмжит Санкт-Петербургийн анагаах ухааны их сургуулийн II курсийн оюутан О.Сумъяабаяр, 2-р байранд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн их сургуулийн III курсийн оюутан Г.Цэрэннадмид нарын эрдэм шинжилгээний өгүүлэлүүд тус тус шалгарлаа.

Москвагийн барилгын улсын их сургуулийн аспирант Г.Адъяажав, Москвагийн эрчим хүчний их сургуулийн аспирант Л. Энхсүх болон Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн аспирант Б. Энхмаа нар шүүн явуулсан болно.

“МИАТ” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “УБТЗ” ХХН зэрэг монголын компаниудын Москва хот дахь төлөөөлөгчийн газрууд, “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбоо ТББ, “ЭМ ЭЛ СИ Тренинг” ХХК зэрэг байгууллагууд эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэн, хамтран ажиллав.