Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Умбриа мужаас сонгогдсон Сенатын гишүүн Валерия Кардинале-гийн урилгаар тус мужийн Мажионе хотод 5 дугаар сар 20-ны өдөр зочлов.
Элчин сайдыг Мажионе хотын захирагч Жакомо Киодини угтан авч, хотын захиргааны төв байранд урьж, хотын депутатууд болон иргэдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав. Мажионе хотын Иргэдийн төлөөлөгчдийн дарга, түүхч Ванни Ружжери тус уулзалтыг нээж, ХШ зууны дунд үед Монголын эзэнт гүрэнд аялж, “Монголчуудын түүх” хэмээх номыг бичиж үлдээсэн, Мажионе хотын уугуул Жованни Пиан Ди Карпинегийн тухай танилцуулга хийв. Мөн Умбриа мужийн томоохон бизнесмен, модельер Брунелло Кучинелли тус арга хэмжээнд оролцож, Монголын тухай сэтгэгдлээсээ хуваалцаж, өөрийн сангийн шугамаар Монголын соёл, урлагийг сурталчлах чиглэлээр хийсэн ажлынхаа талаар ярьж, Соломео хот дахь өөрийн нэрэмжит сургуульд монголоос дадлагажигч авахаар ярилцаж байгааг танилцуулав.
Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдаад, эртний уламжлалтай Монгол, Италийн харилцааг өргөжүүлэхэд энэхүү уулзалт, арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг онцолж, үүнийг зохион байгуулах санаачилга дэвшүүлсэн Сенатч В.Кардинале болон Мажионе хотын удирдлагуудад талархал илэрхийлэв. Гэгээн хутагтын элч төлөөлөгч Плано Карпини, Вилхэлм Рүбрүк болон Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамжууд нь тухайн үеийн Монголын тухай болон Монгол-Италийн харилцааны түүхийн үнэт эх сурвалж болж байдгийг Элчин сайд онцлон тэмдэглэв. Тэрээр хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд талууд анхаарч буйг дурдав.
Мажионе хот нь 1240-өөд онд Их Монгол Улс руу аялж Ромын Папаас Гүег хаанд захидал хүргэж байсан Фра Жованни де Пиан ди Карпине-гийн төрсөн хот бөгөөд Мажионе хотыг Монгол Улсын Хархорин сумтай шууд холбож, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахад дэмжлэг үзүүлэхээ Элчин сайд нотлов.
Мажионе хотод үйл ажиллагаа явуулдаг Монгол-Италийн соёлын харилцааг дэмжих “Соёмбо” нийгэмлэгийн тэргүүн Умберто Маккиони өөрийн байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа Монголын угсаатны зүйн холбогдол бүхий үзмэрүүдийн байнгын үзэсгэлэнг тус хотод байгуулахаар төлөвлөж буй талаараа мэдээлэл хийв. Түүний үзмэрүүдийг каталогжуулах, үзэсглэлэнд бэлтгэхэд Монгол дахь Италийн Соёлын төвийн захирал Л.Нямаа ихээхэн туслалцаа үзүүлснийг тэрээр онцлон тэмдэглэв.
Уулзалтын дараа Элчин сайд Мажионе хотын бизнесийн төлөөллүүдтэй уулзалт хийж, ярилцав.
Жованни Пиан Ди Карпине нь 1245 оны 4 дүгээр сарын 16-нд Ромын Пап IV Иоханаас Монголын их хаанд хаягласан захидлыг өвөртлөн Папын төлөөлөгчөөр Монгол руу хөдөлсөн аж. Тэрээр “торгоны замаас” нилээн хойгуур явсаар 1246 оны 6 дугаар сарын сүүлээр Монголд очсон гэдэг. Мөн оны 7 дугаар сарын 22-нд Хархоринд хүрэлцэн ирж, 8 дугаар сарын 15-нд болсон Их хуралдайг ажиглан, Гүег хааныг Эзэн хааны ширээнээ өргөмжилсөн талаар номондоо бичсэн байдаг. Жованни нь Хар Хоринд хэсэг хугацаа өнгөрүүлж, их хаанд бараалхаж, Папын захидлыг гардуулсан бөгөөд захидлын хариуг нь авснаас 2 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 13-ны хавьцаа нутаг буцсан аж. Монголд байх хугацаандаа тэрээр хүмүүсийн хэрэглээ, өмсөж зүүсэн эд зүйлсийн талаар тэмдэглэл хөтөлсөн бөгөөд буцаж ирснийхээ дараа “Монголын түүх” хэмээх номоо бичсэн байна. Энэхүү ном нь Монголын түүхийн талаар бичигдсэн хамгийн эртний бичмэлүүдийн нэгд тооцогдож байна. Жованни нь Пиан ди Карпинэ хэмээх тосгонд төрсөн бөгөөд энэхүү хот нь XV-XVI зуунд Перужа мужийн Мажионе нэртэй хот болон өөрчлөгдсөн байна. Монголын Эзэнт гүрний хаан Гүюгт бараалхаж буй Жованни Пиан Ди Карпине-г дүрсэлсэн зургийг одоо хэр тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимын хойморт залсан байдаг.