Элчин сайд О.Оч Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хуго Сиблестэй энэ оны 5 дугаар сарын 16-ны өдөр Гааг хотноо уулзав.
Уулзалтын үеэр улс орнуудын хооронд маргааныг эв зүйгээр шийдвэрлэх үйлст тус байгууллагын зүгээс оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглээд манай улс Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны Гаагийн конвенцид нэгдэн орох асуудлыг судалж байгааг уламжлав. Мөн тус байгууллагын зүгээс манай улсын мэргэжилтнүүдэд зориулж сургалт зохион байгуулах, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргааныг зохицуулахад зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.