Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД О.ОЧ ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ЗОЧЛОВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ЗОЧЛОВ

Элчин сайд О.Оч Олон улсын эрүүгийн шүүхэд зочилж, Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Силвиа Фэрнандэз дө Гурмэди, Ерөнхий прокурор Фатоу Бэнсуда, Нарийн бичгийн дарга Херман вон Эбэл нартай тус тус танилцах уулзалт хийв.

Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, түрэмгийлэлтэй тэмцэхэд Олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс оруулж буй хувь нэмрийг цохон тэмдэглээд манай улс энэ чиглэлд Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр манай улс Түрэмгийллийн эсрэг Кампалагийн нэмэлт өөрчлөлтийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд дотоодын процедурын дагуу соёрхон батлахаар ажиллаж буйг мэдэгдэв. Мөн Монгол Улс нь хүний эрхийг хамгаалахад тодорхой амжилт гаргасан бөгөөд энэ чиглэлээр хуримтлуулсан туршлагаасаа бүс нутгийн бусад орнуудтай хуваалцахыг зорьж буйгаа дурдав. Түүнээс гадна манай улсад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд багтсан Олон улсын эрүүгийн шүүхийг дэмжих эвсэл үйл ажиллагаа явуулдаг болохыг дурдаад энэхүү Эвслийн хүрээнд Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, Ромын дүрмийн хүрээнд олон улсын чанартай гэмт хэргийг шийдвэрлэх талаар өөрийн хуульчид, шүүгчдийн дадлага туршлагыг нэмэгдүүлэх, сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Силвиа Фэрнандэз дө Гурмэди Азийн бүс нутаг нь Олон улсын эрүүгийн шүүхэд маш бага төлөөлөлтэй бөгөөд цаашид бүс нутгийн улс орнуудыг Ромын дүрэмд нэгдэн ороход Монгол Улс нь сайн үлгэр жишээ үзүүлж байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн хуульчдыг сургаж дадлагажуулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Олон улсын эрүүгийн шүүхээс зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв.