Элчин сайд О.Оч Химийн зэвсгийг хориглох байгууллагын Ерөнхий захирал Ахмэд Үзүмжүд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх захидлаа өргөн барьж, танилцах уулзалт хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч химийн зэвсгийг хууль бусаар ашиглахын эсрэг тус байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ач холбогдлыг цохон тэмдэглээд манай улсын зүгээс энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг уламжлав. Түүнчлэн тус байгууллага 2013 онд Нобелийн Энхтайваны шагналаар шагнагдсанд баяр хүргэж, тус шинжээчдийн багт монгол иргэн ажиллаж байсныг дурдав. Манай улсын зүгээс Химийн зэвсгийг хориглох байгууллагын үйл ажиллагаанд цаашид оролцоогоо улам бүр нэмэгдүүлэх, тус байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах үүднээс өөрийн улсын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, химийн бодисыг илрүүлэхэд гаалийн лабораторын хүчин чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Ерөнхий захирал Ахмэд Үзүмжү Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлээд манай улсын мэргэжилтнүүдийг сургах, лабораторын хүчин чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн Монгол Улс Химийн зэвсгийг хориглох конвенцийн заалтуудыг дотоодын хууль тогтоомждоо бүрэн тусгаж хэрэгжүүлэхийг хүсч, энэ чиглэлээр тус байгууллагаас манай улсад очиж холбогдох албаны хүмүүстэй уулзаж, сургалт зохион байгуулах боломжтойг дурдав. Түүнчлэн энэ онд Химийн зэвсгийг хориглох конвенцийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд тус Конвенцийн ач холбогдлыг сурталчлан таниулах, ойлгуулах үүднээс өөрийн улсдаа оуютан сурагчид, эрдэмтэн судлаачдын дунд тодорхой арга хэмжээ зохион байгуулахыг хүсэв.